НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сонгогдлоо

Nameh
5-р сарын 08-нд, 11:40 цагт

НАМЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР УИХ-ЫН ГИШҮҮН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ СОНГОГДЛОО

Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /НАМЭХ/-ны ээлжит VII чуулган боллоо. НАМЭХ-ны энэ удаагийн хуралд  нийслэл, орон нутгийн 400 гаруй төлөөлөгч оролцлоо. Монгол Ардын Намын дүрмийн дагуу Монгол Ардын Намын дарга У. Хүрэлсүх НАМЭХ-ны Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн нэрийг дэвшүүлсэн бөгөөд заалнаас Сангийн дэд сайд Х.Булгантуяа нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн. Хуралд оролцсон таслах саналын эрхтэй 317 гишүүдийн 75.5 хувийн саналаар 95 жилийн түүхтэй Монгол Ардын Намын дэргэдэх НАМЭХ-г УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ирэх 4 жилд удирдан ажиллахаар боллоо.

Монгол Ардын Нам 212 мянган гишүүнтэй бөгөөд үүний 50 орчим хувь нь эмэгтэй гишүүн. Тиймээс тус байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ өргөн болохыг чуулганд оролцогчид онцолж байлаа. 25 жилийн түүхтэй НАМЭХ-ны ээлжит VII чуулган нь Монгол Ардын Намын XXVIII Их хурлаас хойш болж буй бодлого шийдвэр хэрэгжүүлэх үндсэн зорилготой ач холбогдол бүхий хурал юм.

Монгол Ардын Намын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит VII чуулганаар холбооны дүрмийн зарим зүйл, заалтыг өөрчлөн баталж, Бага хурлын 125 гишүүн, Удирдах Зөвлөлийн 39 гишүүн, 9 Дэд ерөнхийлөгчтэй ажиллахаар болсон байна.

Дэд ерөнхийлөгчдөөр:

1.            Улс төрийн бодлого, эмэгтэйчүүдийн манлайлал хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг

2.            Хүний нөөц, сургалт судалгаа хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр Сэтгэл судлалын ухааны доктор Ц.Нацагдолгор

3.            Төсөл хөтөлбөр, хөгжил хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг

4.            Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр МАН-ын дэргэдэх Стратеги академийн захирал Ц.Мөнхцэцэг

5.            Олон нийт, төрийн бус байгууллагын түншлэл хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Б.Сэмжидмаа

6.            Нийслэл хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр Төрийн банкны Орон нутгийн салбарын удирдлагын хэлтсийн захирал Л.Амгалан

7.            Орон нутгийн асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр Монгол улсын Ерөнхий Аудиторын орлогч асан С.Оюунбилэг

8.            Эдийн засаг, санхүү хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр МУИС-ийн Санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирал, профессор Ч.Ундрам 

9.            Хэвлэл мэдээлэл,  цахим бодлого хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга А.Энхзул тус тус сонгогдсон байна.

Хуралдааны явцын талаарх гэрэл зургууд:

Гэрэл зургийг mpa.mn, ikon.mn