НИЙГМИЙН АРДЧИЛАЛ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ТАНИЛЦУУЛГА

Nameh
5-р сарын 27-нд, 10:20 цагт

НИЙГМИЙН АРДЧИЛАЛ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ТАНИЛЦУУЛГА

Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /НАМЭХ/ нь Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн нийгмийн ардчиллын /социал демократ/ үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам болох Монгол Ардын Намын дэргэдэх 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум, 173 салбар холбоо, зөвлөлтэй үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн нийгэмд үйлчилдэг, ашгийн бус төрийн бус байгууллага юм.

НАМЭХ-ны эрхэм зорилго нь  Монгол Ардын Намын эрхэм зорилго, Хичээн эрмэлзэх зүйлийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ татан оролцуулж дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчилан таниулах, иргэдэд тустай олон нийтийн ажлыг зохион байгуулан, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого боловсруулж, эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн, улс орны болон нийгмийн хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. НАМЭХ үйл ажиллагаандаа хамтын удирдлага, эв нэгдэл, дотоод ардчилал, шударга өрсөлдөөний зарчмыг баримтлан, ил тод нээлттэй байдлыг эрхэмлэнэ.

НАМЭХ-ны үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:

  • Эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах,  жендэрийн эрх тэгш байдлын бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг хангахад гишүүд дэмжигчдээ оролцуулах, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулахад дэмжлэг үзүүлэх,
  • Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл, сонгуулийн мөрийн хөтөлбөр, УИХ, Засгийн газрын бодлого шийдвэрийг боловсруулахад санал хүргүүлэх, тэдгээрийг сурталчлах, хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох,
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор эмэгтэйчүүдийг сургах, дадлагажуулах ажлыг нэгдсэн бодлогын үндсэн дээр алсын хараатай, үе шаттай зохион байгуулах,
  • Намын гишүүн эмэгтэйчүүдийн судалгааг салбар бүрээр гаргаж, түүнд тулгуурлан хүний нөөцийн санг тогтмол баяжуулах ба намын бүх шатны сонгуульт байгууллагад болон намаас санал болгон сонгогдох, томилогдох албан тушаалд эмэгтэйчүүдийн квотыг хангах, шагнал урамшуулалд нэр дэвшүүлэх асуудлыг намын дүрмийн хүрээнд зохион байгуулах,
  • Хүний эрх, ногоон хөгжил, байгаль хамгаалал, иргэдийн соёл боловсрол, биеийн тамир спортын болон эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах чиглэлээр   иргэний нийгэм, олон улсын байгууллага, гадаад, дотоодын болон бусад байгууллагатай нягт хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг болно.

НАМЭХ-ны логоны утга учир бол Монголын оюуны их үнэт өв болж уламжилагдан ирсэн “Монголын нууц товчоо”-нд өгүүлснээр монгол эмэгтэйг Гоо маралаас үүсэлтэй гэсэн санааг бэлгэдлийн гол утга болгоно.

Угалзалж салаалсан эвэр хэлбэрийг залуу эмэгтэйн дээш тэмүүлсэн дүрстэй хамтатган тусгаж, Гоо марал эврийнхээ дунд модон өлгийтэй хүүхэд нандигнан тээж ирсэн гэсэн домгоос үүдэн бэлгэдлийн тэргүүнд социал демократ үзэл баримтлалыг илэрхийлсэн сарнай цэцэг, эрдэм оюуны бэлгэдэл бүхий хуйлсан номын дүрсийг ороомог хэлбэрээр оруулсан байна.Улаан сарнай цэцгийн дэлбээгээр нийгэм, олон нийт, дэвжин дээшлэхийг, Сарнай цэцгийн гоо сайхнаар улс орны соёл, амьдралыг, дэлбээний ороомог хэлбэрээр хайр, хамгаалал гэсэн утгыг бэлгэднэ.

НИЙГМИЙН АРДЧИЛАЛ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ТҮҮХ

1994 онд одоогийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (SDMWA) нь анх Монгол Ардын Нам дахь залуу эмэгтэйчүүдийн санаачилгаар "Эмэгтэйчүүд-Хөгжил-Хөдөлгөөн" нэртэйгээр байгуулагдаад 1998 онд Эв нэгдлийн хоёрдугаар чуулган хуралдаж нэрээ МоАХ-ны МоАХ гэж өөрчлөгджээ. Ингээд 2010 оны 10-р сард тус холбооны 400 гаруй төлөөлөгчид Дөрөвдүгээр чуулганы хуралдаанд цугларч, шинэ бодлого, зорилгоо тодорхойлж, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (SDMWA) гэж өөрчилсөн байна.

НАМЭХ-ны удирдлагаар:

1994 - 2011 онд М.АЛТАЙ,

2011 - 2014 онд Д.ОЮУНХОРОЛ,

2014 - 2019 онд Ц.ЦОГЗОЛМАА,

2019 оноос өнөөдрийг хүртэл НАМЭХ-ны VII их хурлаар УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ сонгогдон ажиллаж байна.